Bespoke

Эрэгтэй хослолын зах зээлийг хэрэв пирамид гэж үзвэл оргилд нь хамгийн тансаг захиалгын үйлчилгээ болох Bespoke орших юм. Юун түрүүнд таны хэмжилтийг аван эсгүүрийг шинээр томъёолон зөвхөн танд зориулан гаргадаг. Эсгүүрийн дагуу хагас хийгдсэн хувцасыг дахин өмсч үзэх ба энэ үед мөн аливаа үүсч буй үрчлээс, уртасгах богиносгох гэх мэт засваруудыг тэмдэглэнэ.

Энэ мэт хэд хэдэн удаагийн примеркийн дараа бэлэн болсон Bespoke хослол нь таны биед байж болох төгс зохицлоор таарч сууж өгөх юм. Таарсан хослол өмссөн үед таны биеийн өөг далдалж цэгцтэй харагдуулдагаараа давуу талтай.

Вespoke үйлчилгээг бүр ч тансаг болгодог чанар нь 100% гар аргаар хийдэгт оршино. Дунджаар зөвхөн нэг хослолд 70-90 цагийг зарцуулдаг. Товчны нүх тус бүрийг гараар оёдог. Химийн аргаар гаргаж авсан наалт хэрэглэхийн оронд морины үсээр хийсэн хатуулгыг гараар шивж оёдог. Тиймээс маш зөөлхөн, нимгэн хөнгөхөн болохын хажуугаар гар аргаар хийгдсэн хослол нь харагдах үзэмж, биед суух суулт, элэгдэх хугацаанд хүртэл нөлөөлдөг байна.

Үүнээс гадна деталь хэсэг, загварыг өөрийн хүссэнээрээ хийлгэх боломжтой учраас та өөрөө хослолынхоо дезайнер нь болж загвараа гарган хийлгэж болдог. Манай дэлгүүрийн Bespoke үйлчилгээ захиалгаас хойш 6-8 долоо хоногийн дараа бэлэн болдог.