Эх сурвалж : Saphir Medaille d`Or
Premier Tailor - Carmina гутлуудыг танилцуулж байна
Нэг сайн гутал аваад зөв арчилж чадвал насан туршдаа ч өмсөх боломжтой. Францчууд юм бүхэнд гарамгай байдгаа гутал арчилгааны талбарт хүртэл үзүүлж хүн бүр дагаж болохуйц аргачлал зохион, түүнд зориулсан цогц бүтээгдэхүүнүүдийг гаргасан байдаг. Баярын улирал ирсэнтэй холбогдуулан бид тэрхүү франц аргачлалаас “Saphir Medaille d`Or” брэндийн бүтээгдэхүүнүүд дээр жишээ авч, танд арьсан болон илгэн гутлыг хэрхэн цэвэрлэж, гялалзсан сайхан болгох зааварчилгааг хүргэж байна.

1. Цэвэрлэх

Арьс цэвэрлэгчийг хэрэглэхийн өмнө сайтар сэгсрэх хэрэгтэй. Ингэснээр найрлаган дахь бодисууд нь сайн холилдоно. Гутлын нүдэнд үл харагдах хэсэгт эхлээд туршиж үзээрэй. Жишээлбэл гутлын өсгийн дотор болох юм. Арьс цэвэрлэгчийг бага бага хэмжээгээр даавуу ашиглан гутландаа түрхээрэй. Даавуугаа тойрог хэлбэрээр зөөлөн арчиж ашиглана. Гутланд үлдсэн үлдэгдлийг нь адууны үстэй том сойз ашиглан арилгаарай. Арьс цэвэрлэгчийг жилд ердөө 2-3 удаа л ашиглах бөгөөд дараа нь үргэлж ангижруулагч хэрэглэх шаардлагатай.
2. Ангижруулагч ашиглах

Булганы тостой арьсны лосьоныг даавуундаа хангалттай хэмжээгээр түрхэнэ. Тойрог хэлбэрээр арчиж гутлын арьсанд шингээнэ. Лосьоныг шингэтэл хэдэн минут хүлээх хэрэгтэй. Гутлын арьс ч мөн аливаа арьсны адил тэжээл шаарддаг аж. Харин булганы тостой арьсны лосьон нь яг түүнд хэрэгтэй шим тэжээлийг өгдөг байна.
3. Гялалзуулах

Гутлын тосыг гутлынхаа нийт хэсэгт түрхэхийн тулд тос түрхэх сойзыг ашиглаарай. Хар тосыг хар гутландаа, харин өнгөгүй тосыг бусад гутланд хэрэглэнэ. Тосыг хэт их хэмжээгээр түрхэхээс зайлсхийх хэрэгтэй. Тосоо шингэхийг хэдэн минут хүлээгээд, дараа нь үлдэгдлийг нь адууны үстэй том сойзоор арчиж арилгана.

Долоовор болон дунд хурууныхаа завсар гутал арчих даавуугаа бариад лав суурьтай өтгөн гутлын тосоо гутландаа түрхэнэ. Гутланд тохирох өнгийн тосыг ашиглаарай. Өвөрмөц өнгийн гутланд өнгөгүй тосыг ашиглах нь зүйтэй. Илүү гялалзуулахын тулд тосондоо бага зэрэг ус нэмж ашиглаж болно. Тосоо шингэхийг хэдэн минут хүлээгээд, дараа нь адууны үстэй жижиг сойз ашиглан илүүдэл тосыг арчиж арилгаарай.

Ойролцоогоор 30 минутын дараа буюу бүтээгдэхүүнүүд шингэсний дараа ноосон бээлийгээ ашиглан улам гялалзсан болгоорой.
Илгэн гутал цэвэрлэхэд хэрэглэх зүйлс
• Хиймэл үстэй сойз
• Илгэн гутлын шампунь
• Холих сав
• Ус
• Резинэн сойз

Эхлээд та гутландаа хэв баригч хийгээрэй. Үүний дараа хиймэл үстэй сойз ашиглаж илгэн дээр тогтсон шороо, тоосыг арилгана. Ингээд ус ба илгэн гутлын шампунийг 2:1 хэмжээгээр холино. Илэг цэвэрлэх жижиг сойзоо ашиглаж сайтар хутгаж хольсны дараа илгэндээ тойрог хөдөлгөөнөөр зөөлөн түрхэнэ. Цагаан давхарга үүсэх нь илэг сайн цэвэрлэгдэж буйн шинж юм. Гутлыг 10-15 минут хатаагаарай. Хэрэв толбо арилаагүй үлдсэн байвал дээрх үйл явцыг дахин давтана. Илгэн гутлын гадаргууг зөөлөн болгож, үсний ширхэгийг нь хөвсийлгөхийн тулд резинэн сойз ашиглаарай.
Leave a Reply