Парисийн долоо хоногийн хүрээнд томоохон загварын орднууд өөрсдийн 2022 оны хавар-зуны цуглуулгаа танилцуулснаас энэ удаад Saint Laurent-ийг бид онцолж байна. Эйфелийн цамхагийн төв цэгийг гэрэлтүүлж, урсдаг хүрхрээ бүхий тайз засалтаар зочдыг алмайруулсан уг гайхалтай шоуны цуглуулгыг Saint Laurent брэндийн бүтээлч захирал Энтони Вакарелло /Anthony Vacсarello/, 1960 оны сүүлээр Yves Saint Laurent-тэй хамтран ажиллаж байсан Tiffany&Co брэндийн дизайнер асан алдарт Палома Пикассо /Paloma Picasso/-д зориулан бүтээжээ.
Ваккарелло хэлэхдээ: “Бид загварын төлөөлөгчид болох Бетти Катрью /Betty Catroux/, Кэтрин Денев /Catherine Deneuve/ нарын тухай үргэлж ярьдаг. Гэхдээ Палома бол Yves Saint Laurent-ийн загварын талаарх үзэл бодлыг өөрчилж чадсан цор ганц хүн юм. Өмнө нь тэрээр эмэгтэйлэг, өхөөрдөм силуэттэй загварууд гаргадаг байсан бол Паломатай уулзах үед тод улаан уруултай, винтаж байдлаар хувцасласан нь Yves Saint Laurent-д үнэхээр шинэлэг санагдаж, түүний өөрийн хэв маягийг өөрчлөхөд хүргэсэн” гэв. Шоуны төгсгөлд тайзны голд байрлуулсан хүрхрээнээс доошоо ус урсаж зочдын нүүрэн дээр зөөлөн цацарснаар хамгийн сүүлчийн загварууд толилуулагдаж дууссан. Энэ нь яг л цар тахлын хоёр жилийн хугацаанд зогсонги байсан загварын ертөнц дэх цангааг тайлж буй мэт сэтгэдэл төрүүлсэн юм.
Харин цуглуулгын хувьд Палома Пикассогийн төрхийг санагдуулам гялалзсан тод, хүчтэй, эмэгтэйлэг силуэтууд гаргасан бөгөөд хэт задгай биш боловч харц булаам загварууд байлаа.
“АМЕ” дэлгүүр аравдугаар сарын 16нд Парис хотын “Saint Laurent Showroom” дээр энэхүү шинэ коллекцийн худалдан авалтыг өөрсдийн биеэр хийх гэж байна.
Leave a Reply