Алдартнуудын хувирсан Хэллоуиний шилдэг дүр төрх, хувцаслалтуудыг нэгтгэн хүргэж байна.
Аравдугаар сарын сүүлийн өдрүүд дуусч, дэлхий дахинд хүмүүс Сүнсний баяр буюу Хэллоуины баярыг өргөн цар хүрээтэй тэмдэглэж өнгөрлөө. Холливүүдийн одод амралтын өдрүүдээр аймшигт баяраа тэмдэглэж, Instagram дээр өөрсдийн дүр төрхийг хуваалцсан бөгөөд ихэнхи нь цар тахлын үед зардал бага мөн сонирхолтой байдлаар хувирчээ. Алдартнууд ихэвчлэн хүндэтгэдэг одуудынхаа дүрд хувирсан байснаас дурдвал: Хэйли Бибер Бритни Спирсийн “Baby One More Time” дуунд гардаг сургуулийн дэггүй охин шиг хувцаслан, Яра Шахиди Томми Хилфигерийн гарын үсэгтэй топ өмсөн Аалия-гийн дүрд орж мөн комедиан Тревор Ноа “The Weeknd” ийн дүрд гарамгай хувирсан байна.
Кино ертөнцийн давалгаа энэ жил ч бас хит болж, одод энэ жилийн шилдэг цуврал болох Squid Game-ийн дүрээр хувцаслажээ. Жүжигчин Керри Вашингтон 456-р оролцогчийн дүрд хувирсан бол Blackpink хамтлагийн Лиза алуурчин робот хүүхэлдэйн дүрд хувирсан байна. Мөн Хэллоуинд байсаар ирсэн классик киноны хувцаслалтаас Кендалл Женнер “Mars Attacks” киноны дүрд хувирч, Риз Уизерспун Алфред Хичкокийн “Birds” киноны шувуудаар бүрхүүлсэн юм. Харин энэ онд олны хайрыг хамгийн ихээр татсан хувиргалтаар Жон Леженд болон түүний гэр бүл “Addams Family” киноны дүрүүдэд хувирсан мэндчилгээ байлаа.
Leave a Reply