Өнгөний сэтгэл зүй: Нийтлэг 11 өнгө ямар мэдрэмж төрүүлдэг вэ?

Аймшгийн кино яагаад ихэвчлэн улаан, хар өнгийг агуулсан байдаг талаар бодож байсан уу? Эсвэл анагаах, санхүү зэрэг үйлчлүүлэгчдийн итгэлийг олох хэрэгтэй компаниудын лого яагаад ихэвчлэн цэнхэр өнгөтэй байдаг вэ? Энэ бүгд өнөөдрийн нийтлэлийн сэдэв болох өнгөний сэтгэл зүйтэй холбоотой юм.

Товчхондоо өнгөний сэтгэл зүй гэдэг нь тухайн өнгө ямар сэтгэгдэл, мэдрэмж төрүүлдгийг хэлнэ. Ийм ч учраас уг ойлголтыг бүтээн байгуулалт, уран зураг, маркетинг борлуулалт, хоол хүнс, хувцас загвар гээд олон салбарт ашигладаг. Эдгээрээс өнгөний сэтгэл зүйг хамгийн ихээр чухалчилж, эрт дээр үеэс ашигласан нь загварын салбар юм.

Өнгө бүр үүсэл гарал, хэрэглээнээсээ хамааран өөр, өөр мэдрэмж төрүүлдэг учир бусдад ямар сэтгэгдэл төрүүлмээр байгаагаас хамааран хувцасны өнгөө сонгох хэрэгтэй болдог. Тэгвэл хамгийн нийтлэг 11 өнгөний товч түүх болон төрүүлдэг мэдрэмжийг уншигч танд танилцуулъя.

Хар өнгө

Агуйн зурагт ашиглагдаж ирсэн хамгийн эртний өнгө бол хар өнгө юм. Уг өнгийг эртний Египет болон Грект доод ертөнцийн өнгө хэмээж байсан бол өнөөгийн Баруунд хар өнгийг хүч чадлаас гадна уй гашуудлын өнгө гэж үздэг.

Мэдрэмж: Хүч чадал, эрх мэдэл, боловсон зан, нууцлагдмал байдал

Цагаан өнгө

Цагаан өнгө үргэлж сайн сайхны илэрхийлэл болсоор ирсэн. Энэхүү өнгө нь гоо сайхан, шинэ соргог бүхний бэлгэдэл юм. Тийм ч учраас соёл иргэншил бүрд цагаан өнгө цэвэр ариун байдлыг илэрхийлсээр ирсэн.

Мэдрэмж: Цэвэр цэмцгэр, гэм хоргүй, ариун тунгалаг

Саарал өнгө

Хар болон цагаан өнгөний холимог саарал өнгө нь дундыг баримталсан, тэнцвэрийг олсон өнгө гэдгээрээ алдартай. Гэхдээ зарим талаар уйтгар гуниг, хоосон сэтгэгдлийг төрүүлдэг.

Мэдрэмж: Тэнцвэр, тогтвортой, тайван, дундыг баримталсан

Нил ягаан

Орчин үеийн технологи хөгжихөөс өмнө нил ягаан өнгийг гаргаж авах маш өртөгтэй байсан учир зөвхөн ихэс дээдсийн хэрэглэдэг өнгө байв. Клеопатра хатан 30гр нил ягаан өнгө гаргаж авахын тулд 20,000 эмгэн хумс ашиглаж байсан ч гэж үздэг. Өөр нэгэн жишээ гэвэл, Наймдугаар Хэнри хаан өөрийн засаглалын үедээ өөрөөс нь өөр хэнийг ч нил ягаан өнгө өмсөхгүй байлгах тушаал гаргаж байв.

Мэдрэмж: Эрх мэдэл, тансаг байдал, мэргэн ухаан, эд хөрөнгө

Улаан өнгө

Улаан өнгө нь хүн төрөлхтний өөрсдийн гараар бий болгосон хамгийн анхны өнгөнүүдийн нэг юм. Уг өнгө бусад өнгөнөөс маш том харагддаг учир аян дайн, арга хэмжээ, найр наадам зэрэгт өргөнөөр ашигладаг байжээ.

Мэдрэмж: Хүч чадал, хүсэл зорилго, эрч хүч, шийдэмгий байдал

Цэнхэр өнгө

Цэнхэр өнгө нь тэнгэр болон далайн өнгө учраас тайван, тогтуун, найдвартай байдлыг илэрхийлдэг. 6000 жилийн өмнө Эртний Египетчүүд хамгийн анх удаа цэнхэр өнгийг гарган авч байжээ.

Мэдрэмж: Тогтвортой байдал, эв найрамдал, тууштай байдал

Ногоон өнгө

Ногоон өнгө байгальд байдаг хамгийн нийтлэг өнгө учраас байгаль, эрүүл мэнд, залуу нас зэрэгтэй холбогддог. Дундад зууны үед сүйт бүсгүйчүүд ногоон өнгийг ихэд өмсдөг байсан нь эрүүл чийрэг гэдгээ харуулах зорилгыг агуулдаг байв.

Мэдрэмж: Итгэл найдвар, шинэлэг, амар амгалан

Улбар шар өнгө

Эхэндээ уг өнгийг шар-улаан гэж нэрлэдэг байсан ч жүрж жимснээс санаа аван “orange” буюу улбар шар хэмээн нэрлэсэн түүхтэй. Нэрээсээ үл хамааран энэ өнгө үргэлж залуу нас, эрч хүчтэй зэрэгтэй холбогдсоор иржээ.

Мэдрэмж: Аз жаргал, баяр баясал, өөдрөг үзэл, итгэл

Шар өнгө

Байгалиас уг өнгийг гаргаж авахад хялбар байдаг учир шар өнгө хамгийн эртний өнгөнүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог. Баяр баяслыг илэрхийлсэн өнгө учир Эртний Ромд хурим найрын голлох өнгө байжээ.

Мэдрэмж: Аз жаргал, эерэг байдал, эрч хүч, залуу нас

Ягаан өнгө

Улаан өнгөнөөс гаралтай уг өнгө нь эмэгтэйлэг байдлыг хамгийн ихээр илтгэдэг. Сонирхолтой нь 1920 оноос өмнөх үед энэхүү өнгө эрэгтэйлэг байдлыг илтгэдэг байжээ.

Мэдрэмж: Сэтгэл татам, эелдэг, эмэгтэйлэг, романтик

Бор өнгө

Эхэндээ уг өнгө нь эгэл ардуудын дунд нийтлэг өнгө байсан бол 20-р зуунаас эхлэн Баруунд энгийн, байгальд ээлтэй, эрүүл гэсэн утгаар ашиглагддаг болжээ.

Мэдрэмж: Бат бөх, байгальтай ойр, аюулгүй байдал

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy