Хэрэв та стиль имиджээрээ үргэлж уйдаахгүй байх үүрэг хүлээсэн урлагийн эрхэм биш л бол хамгийн сүүлийн үеийн үсний чиг хандлагыг дагаж туршилт хийх шаардлагагүй. Ялангуяа эрчүүдийн хувьд үс засалтын аль нэг үндсэн хэв маягийг дагаад, цаашлаад уйдталаа тухайн хэв маягтаа үнэнч байх нь эрсдэлгүй хялбар байх болно. Таны дүр төрхийг сайн талруу өөрчлөх, гэхдээ 10 жилийн дараа хуучирсан зургаа үзэхэд өөрөөсөө ичмээргүй сонгодог үсний засалтын хэлбэрийг сонгох явдал юм.
Таны мэдэх ёстой сонгодог эрэгтэй үсний засалтууд, тэдгээрийн алийг нь сонгох тухай зөвлөгөө бэлтгэлээ.
BUZZ CUT
Энэхүү “армийн” үс засалт нь үс засах машин үүссэн цагтай зэрэгцэн оршсоор ирсэн бөгөөд бага зэрэг дадлага олж авснаар гэртээ өөрөө хийж ч болох хялбар засалт юм. Үсийг бүхэлд нь ижил урттайгаар үсний машинаар авна. Ингэхдээ 0-4мм урттай байна. Бага зэрэг уртасгахад л та теннисний хөвсгөр бөмбөг болон хувирах тул та үүн дээр мэдрэмжээ ашиглаарай.
Хэнд тохирох вэ?
Арчилгаа бага шаардагдах тул өглөө бүр толиныхоо өмнө 20 минут үсээ сэнсдэж, төгс харагдахын тулд бараг л баримал барихыг хүсдэггүй эрчүүдийн засалт юм. Шүршүүрт ороод л шууд гарч явах боломжтой болохоор энэхүү засалт нь завгүй залууст нэн тохиромжтой. Нүүрний хэлбэрт зохицохын тухайд, хэрвээ та хэт дугуй царайтай бол энэхүү засалтаас зайлсхийсэн нь дээр.
CREW CUT
Зэвсэгт хүчнийхнээс үүсэлтэй бас нэгэн засалт бол энэ юм. Үндсэндээ уг засалт нь ар, хоёр хажуу нь богино, урагшаа уртассан засалт юм. Өглөө бүр багахан хэмжээний бүтээгдэхүүн хэрэглээд, сард нэг удаа үсчинд хэлбэрээ янзлуулахад л хангалттай хамгийн төвөг багатай загваруудын нэг яах аргагүй мөн.
Хэнд тохирох вэ?
Янзлах, арчлахад хялбар засалтыг хайж байгаа хэдий ч бүтэн “buzz” засалт хийлгэхэд бэлэн биш байгаа эрчүүдэд зориулсан шилдэг сонголт юм. Уг засалт зохих нүүрний хэлбэрийн хувьд нэлээд өргөн хүрээг хамрах бөгөөд бидний хэлж заншсанаар “универсал” засалт юм. Толгойн оройн үсний урт нь дугараг нүүрийг илүү уртасгаж харагдуулахын зэрэгцээ, хэт урт биш учраас уртавтар нүүрний хэлбэрийг зөөллөж харагдуулна.
FRENCH CROP
Энэ тайралт нь хамгийн түгээмэл загваруудын нэг хэдий ч уйтгартай сонголт огт биш юм. French Crop нь нэлээд богино загваруудын нэг бөгөөд үс нь ар, хажуу талаараа цэгцтэй болж орой хэсэгтээ бага зэрэг өөрчлөлтүүдийг хийх боломж олгодог. “Ceaser”засалттай андуурагддаг ч гол ялгаа нь толгойн оройны үсийг мэдэгдэхүйцээр үлдээдэгт оршино. Олон жилийн турш энэ засалт өөрчлөгдөж богиносч, шинэчлэгдэж ирсэн бөгөөд одоо үед хурц өнцөггүй, зөөлөрсөн нь цэвэрхэн, загварлаг байдлыг илэрхийлж байна.
Хэнд тохирох вэ?
Франц үсний засалт нь гарцаагүй олон талт шийдэл бөгөөд хэт урт мөн хэт богино биш байдаг. Энэхүү засалт нь харьцангуй бага арчилгаа шаарддаг хэдий ч зөв хэв маягийг оруулахад чармайлт шаардагдана. Ерөнхийдөө энэ нь цаг үеэ олсон, загварлаг зүйл хайж буй, сайхан харагдахын тулд өглөө бүр 5-10 минутыг өөртөө зарцуулахаас татгалздаггүй эрчүүдэд тохиромжтой. Нүүрний хэлбэрт зохицохын хувьд “универсал” сонголт болно. Таны толгой бөмбөг мэт дугараг, эсвэл тэг дөрвөлжин эсэхээс үл хамааран зохих болно.
SHORT DREAD
Дреадлок нь заавал Растафариануудын таалдаг бэлхүүс хүртэл урт үсний хувилбар биш бөгөөд үүссэн цагаасаа улам илүү хөгжиж, түгээмэл болсоор байна. Энэхүү засалтын орчин үеийн хувилбар нь дэлхийд тэргүүлэгч алдартай кино оддыг хүртэлх өргөн хүрээнд, шинэ үеийн тэргүүлэгч загвар болж байна. Энэ засалт нь хэдий замбараагүй засалт хэдий ч өөрөө гэртээ хийж болно гэж зарим хүмүүс эндүүрдэг. Хэрвээ та үсний засалтаа цэвэрхэн, цэгцтэй харагдуулахыг хүсч байвал мэргэжлийн барберийн үйлчилгээ авахыг зөвлөж байна.
Хэнд тохирох вэ?
Дреад засалтыг хийлгэсэн бол арчлахад харьцангуй төвөг багатай ч та үе үе мэргэжлийн үсчний үйлчилгээ авч хэлбэрийг тодруулж байгаарай. Орой дээр үлдээсэн уртавтар үс нь дугуй, зууван, дөрвөлжин эсвэл зүрх хэлбэртэй царайтай хэнд ч тохирдог. Гэхдээ нүүр чинь нэлээд тэгш өнцөгт хэлбэртэй бол үүний оронд арай богино “buzz”тайралтыг сонгоорой.
MID-LENGTH MOP
Timothee Chalamat, Dev Patel, Justin Bieber нар бүгд энэхүү дунд зэргийн урттай үсний тайралтыг сүүлийн жилүүдийн хамгийн эрэлттэй загвар болгоход нөлөөлсөн юм. Ойрын үед ч энэхүү чиг хандлага эрэлтээс гарахгүй бололтой. Учир нь энэ тайралт нь орчин үеийн хамгийн загварлаг үс засалтаар шалгарснаас гадна цаг хугацааны уртад шалгарсан сонгодог засалт юм. Хэт цэмцгэр үс засалтыг хүсэхгүй хүмүүсийн хувьд шилдэг сонголт юм.
Хэнд тохирох вэ?
Товчхондоо бол үсээ арчлах дургүй эрчүүдэд илүү тохиромжтой. Мэдээж та үсээ олон төрлийн бүтээгдэхүүнээр хэлбэржүүлж, 5 минут тутамд янзлах шаардлагагүй. Гэхдээ үс урт ургах тусам салаалах, тослогтох зэрэг шинэ шинэ асуудлуудыг дагуулдаг. Иймд, хэрвээ таны үс эрүүл, гялалзсан харагдахыг хүсч байвал үнэтэй, чанартай шампунь, ангижруулагчтай найзалж, тодорхой арчилгааг хэвшүүлэх шаардлагатай. Нүүрний хэлбэрийн хувьд ихэнх төрхөд тохирно. Таны нүүр дугуй, эсвэл дөрвөлжин хэлбэртэй байхаас үл хамаарч хажуугийн болон ар талын урт үснүүд нь нүүрлүү сул унжиж өөг дарах болно.
Leave a Reply