Эрэгтэй хувцас загвар байнга өөрчлөгдөхийн хэрээр дагаад өмсөх хэв маяг, стандарт ч мөн адил өөрчлөгдөн хувьсаж байдаг билээ.
Елегант, дур булаам байдлын хэмжүүр нь тухайн цаг үеийнхээ эрч хүч, орчноос шалтгаалан өөрчлөгдөж байдаг ба өнөө үед илүү өдөр тутмын амьдралд тохиромжтой, хөнгөн хандлагыг илүүд үздэг болжээ.
Ингэснээр хүрэм, пиджакны урт богино болж, цамцны өргөн болон суганы тойрог багасаж, өмд шагайн дээгүүр татах болов.
Эсгүүр, хийц улам бариу болж өөрчлөгдсөн ч орхиж болохгүй хамгийн чухал зүйл бол таарамж болон тав тух юм. Бүсэлхийн тойрог, гуяны тойрог, хуниас, шуумагны өргөн ба урт нь өмдний хувьд үргэлж чухал үзүүлэлт байсаар ирсэн.
Өмнө нь хувцаслалтын дүрэмд гутлын хэмжээнээс үл хамааран өмд нь гутлын өсгийний гуравны нэгийг давна гэж зааж байсан бол одоо үед мөрдөж буй дүрэм юу вэ? Загварын чиг хандлага, хаана хэзээ өмсөх үүрэг зориулалт зэргээс гадна тухайн хүний биеийн пропорцид тааруулах нь хамгийн чухал шаардлага болоод байна.
УРТ МӨЧТЭЙ ХҮНД ЗОРИУЛСАН ӨМД
Өндөр, туранхай хүмүүс шагайгаар татсан, оймс нь (зуны цагт бол хөл нь) бага зэрэг цухуйж харагдах богино, нарийвтар өмдийг зөвлөж байна.
Гэхдээ энэ нь чухал уулзалт болон ажлын ярилцлага зэрэг албаны хувцаслах ёстой үеүдэд бага зэрэг эрсдэлтэй тул ийм урттай өмдөн дээр оймсоо илүү анхаарах хэрэгтэй. Нүдэнд ил харагдах тул биеийн доод хэсэгт харагдах гутал, өмд, тэлээтэй бүрэн зохицсон байх учиртай. Ийм үед, оймсоо гуталтайгаа ижил өнгөөр сонгох, эсвэл хослолтойгоо ижилсүүлэхийг зөвлөж байна.

БОГИНО МӨЧТЭЙ ХҮНД ЗОРИУЛСАН ӨМД
Богино мөчтэй эсвэл намхан хүмүүс хэт богино өмд өмсөхөөс зайлсхийгээрэй. Учир нь хөлийг улам богинохон харагдуулдаг.
Тиймээс босоод зогсоход элдэв хуниасгүй, гуталны дээд хэсгийг шүргэж оймсыг бүрэн халхалсан байвал тохиромжтой.
ӨМДНИЙ ШУУМАГ: МАНЖЕТКАТАЙ БОЛОН МАНЖЕТКАГҮЙ ӨМД
- Ерөнхийдөө өмдний шуумаг манжеткатай байх нь илүү албан бус харагддаг. Иймээс албан ёсны хувцас өмсөж байгаа тохиолдолд манжеткагүй өмд сонгох нь зохимжтой.
- Голдуу өндөр туранхай хүмүүст мөнжеттэй өмд илүү зохидог ба манжетканы өргөн нь тухайн хүний өндрөөс хамаарч 4-5см байхад болно. Хамгийн ихдээ 6см орчим байж болох ч энэ нь харьцаа алдагдуулах эрсдэлтэй тул татгалзаарай.
- Намхан хүмүүст манжеткатай өмд бага зэрэг тохиромжгүй байх хандлагатай. Учир нь хөндлөн деталь орж ирснээр хөлийг улам богино харуулах талтай. Манжеткатай болон манжеткагүй өмд өмсөөд толинд харахад ялгаа нь маш тод харагдах болно.

ӨМДНИЙ ШУУМАГ ХЭР ӨРГӨН БАЙХ ВЭ?
- Цаг үе бүрд энэ стандарт нь харилцан адилгүй хувьсан өөрчлөгддөг (дунджаар 19см-21см орчим) учир хөдлөхөд хэт бариу хөдөлгөөн хязгаарлахааргүй байхад болдог.
Leave a Reply