Хүмүүс яагаад тансаг зэрэглэлийн брэндийг сонгодог вэ?

ЧАНАР

Тансаг зэрэглэлийн брэндүүд нь  маш олон жилийн түүхтэй, одоог хүртэл оршин тогтсоноор ирсэн нь тэдгээрийн нэр хүндтэй, бүтээлүүд нь хэр үнэ цэнэтэй зэргийг харуулж байна. Иймээс тэдгээр “загварын ордон”-уудын бүтээж буй хувцас хэрэглэл нь бараг л төгс гэж болохуйцаар боловсруулсан тансаг материал, хүний биед тохирсон суулттай эсгүүрийн тусламжтай ямар ч биеийн онцлогийг сайхан харагдуулахын зэрэгцээ өндөр чанартай байдаг.

СЭТГЭЛ ХАНАМЖ

Чанартай, мөн  биед тань төгс суулттай хувцас таныг сайхан харагдуулахын зэрэгцээ тав тухтай байлгаж чадаж байгаа учир  сэтгэл ханамж өгөх нь мэдээж. Гэхдээ үүнээс гадна ийм хувцас бол өөртөө итгэх итгэлийг тань улам бүр нэмэгдүүлж, нийгмийн харилцаанд таныг  тодорхойлох “Social skin” болно.

Үүнээс гадна өмссөн хувцасныхаа мөн чанарыг ойлгохгүйгээр тухайн брэндээр өөрийгөө илэрхийлэх нь учир  дутагдалтай. Тухайн брэндийн DNA code юу вэ? Үүнээс гадна ашигласан материалын  чанар, нарийн деталь , борлуулалтын орчин, хэрэглэгчидийн туршлага нь таны өөрийн үзэл бодолтой хэр нийцэж байна вэ ?

Тансаг зэрэглэлийн  брэнд бүр өөрийн түүх, соёлоосоо шалтгаалаад өөр өөр өнгө төрхийг илэрхийлж байдаг. Christian Dior  гэхэд л феминисмийг үргэлж хөнддөг эмэгтэйлэг тансаг байдалтай салшгүй холбоотой байдаг бол YSL нүцгэн биеийн гоо сайхан, хайр дурлалыг бишрэгч нэгэн байсан нь одоо ч энэ брэндийн гаргаж буй загваруудаас нэвт шувт мэдрэгддэг. Balenciaga хувцасны силуэт хэлбэрт хувьсал хийж байсан түүхтэй бол өнөөдөр ч зоригтой шийдэл бүхий үзэл санааг шингээсэн загварууд нь шуугиан тарьж залуусыг соронз шиг татаж байна.

Жишээ болгож Celine брэндийн талаар тайлбарлая. 75 жилийн түүхтэй энэ брэндийн загварыг та дэлгүүрийн өлгүүрт байгааг хараад , та шууд л татагдаж худалдан авалт хийхээ түр азнах байх. Гэхдээ хамгийн сайн чанарын материал, эсгүүрийн төгс гэж болохуйц суулт, өнгөний анзаарагдамгүй тоглолтуудаар бүтсэн загваруудыг цогцоор  нь өмссөн байхыг харахад л маш сайн ойлгох болно. Цүнхний хувьд мөн адил. Хамгийн чанартай боловсруулсан тансаг арьсаар, эвтэйхнээр шийдэж чадсан доторхи хуваалт функц бүхий минимал дизайнтай хийгдсэн цүнх нь ямар ч стилтэй зохицож чаддагаараа маш алдартай. Ийм учраас бараг бүх алдартанд Celine брэндийн цүнх байдаг байх.  Энэ брэндийг цөөн үгээр тодорхойлвол орчин үеийн боловсорсон, минималист бөгөөд  эмэгтэйлэг байдлын шилдэг тусгалыг илэрхийлж чаддаг. Тэгэхээр та ямар стилд дуртайгаа тодорхойлж, хийдэг ажил амьдарлын хэв маягаасаа шалтгаалаад тухайн брэндээ судлан сонголтоо хийх нь цаг хэмнэж, олон буруу сонголт хийхээс сэргийлж мөнгөө ч  хэмнэх боломжтой.

Хамгийн сүүлд нэмж хэлэхэд дэлхий нийтээрээ минимал амьдралын хэв маяг руу шилжиж буй энэ цаг үед жилд хэдэн хувцас хэдэн цүнх гутал авч байгаагаа нэг бодоод үзээрэй. Бид өөрсдөө ч анзааралгүй маш хэрэггүй олон худалдан авалт хийсэн байдаг. Тэдгээр нь загварлаг боловч дахин хэрэглэх аргагүй болж хурдан чанараа алддаг зүйлсийн ард байгалийн бохирдол, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хууль бус хөдөлмөр гэх мэтчилэн маш их сөрөг зүйлс  нуугдаж байдаг. Харин жилийн дотор олон удаа худалдан авах чанаргүй зүйлсийнхээ мөнгөөр ганцхан, чанартай сонголт хийх нь таны санхүүд,  цаашлаад олон зүйлд эерэг нөлөөтэй гэдгийг нэг удаа бодоод үзээрэй.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy