Хувцас загварын салбарын домог болсон эрхмүүдийн нэг Кристобал Баленсиага

Кристобал Баленсиага 1895 онд Испанийн Гетариа гэх тосгонд мэндэлсэн бөгөөд эцэг нь бага насанд нь нас барж оёдолчин ээждээ туслан, ихэнх цагаа хамт өнгөрөөдөг байсан нь хувцас загварын сонирхлыг нь хөгжүүлж өгч байжээ. 12 настайдаа Мадрид уруу нүүж оёдолчинд дагалдаж мэргэжлийн түвшинд урлаж эхлэв.

1917 онд Испанийн Сан Себастианд анхны урлангаа ээжийнхээ нэрээр “Эйса” хэмээн нэрлэн нээв. “Эйса”–г Мадрид болон Барселонд нээж өргөжүүлэв.

Удалгүй “Баленсиага” хэмээн өөрийн нэрээр шинэчлэв. Тэрээр язгууртан, ихэс дээдсийг хувцасладаг байсан бөгөөд 42 настайдаа Испанийн иргэний дайны хөлөөс дайжиж Парис уруу нүүв.

Түүний дараагаар тэрээр анхны загварын шоугаа танилцуулсан ба танилцуулагдсан загварууд нь Испанийн сэргэн мандалтыг илэрхийлж байлаа. Загварын шүүмжлэгчид түүний хувцас загвар дахь хувьсгалч санаануудыг магтан сайшаах болов.

52 настайдаа анхны үнэртэнгээ (Le Dix) танилцуулж байснаас гадна эмэгтэй хувцасны силуэтэд хувьсал хийсэн “Баррел” силуэттэй загвараараа олны анхаарлыг татав.

Хэдэн жилийн дараагаар 58 настайдаа “Balloon” хүрэм танилцуулав.

Үүний дараагаар тэрээр алдарт “Tunic” даашинзаа танилцууллаа.

62 настайдаа хэлбэргүй “Sack” буюу шуудай шиг хэлбэртэй даашинзаа урлав.

Гурван жилийн дараагаар ”Фабиоло де Мора и Арагон”-ы хуримын даашинзыг Бельгийн хаан Нэгдүгээр Бодуинтай гэрлэхэд нь хийлээ.

Чинээлэг хүрээний загварын билэг тэмдэг болох (Mona von Bismarck) Мона Фон Бисмарк нь Баленсиагагийн үнэнч үйлчлүүлэгч болсон бөгөөд түүний гаргасан бараг бүх л загваруудыг нь худалдан авдаг байв. Тэрээр Баленсиагаг нас барахад 3 өдөр тасралтгүй уйлсан гэдэг.

Домог болсон “Babydoll” даашинз болон “Cocoon” хүрэмээ удалгүй танилцуулав.

Үүний дараа 72 насандаа маш гайхалтай “Envelope” буюу дугтуй даашинзаа толилуулсан нь хэвлэлээр шуугиан тарив.

Удалгүй 73 насандаа тэрээр сүүлчийн цуглуулгаа танилцуулан төрөлх нутагруугаа буцав. Энэ үйл явдал загвар сонирхогч бүх л хүнд маш гунигт мэдээ байлаа. Масс зах зээлийн салбар эрчимтэй дэлгэрч эхэлсэн нь Кристобал Баленисиагаг ажлаа орхих том шалтгаан болсон гэдэг. 76 насандаа анхны бөгөөд сүүлчийн ярилцлагаа “Time” сэтгүүлд өгсөн байдаг. Ингээд 77 насандаа загварын ертөнцийн аугаа хувьсгалч маань зүрхний шигдээсээр таалал төгсжээ. Түүнийг өнгөрснөөс хойш 20-иод жилийн дараагаар “Gucci” – ийн эзэмшилд “Баленсиага” брэнд очиж дахин шинэ өнгө төрхтэйгөөр эргэн ирсэн байдаг. Харин одоо  Францын олон улсын “Kering” групп эзэмшиж байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy