Захиалгын хослол, хүрэм нь kissing button (ажиллагаагүй товч); working button (ажиллагаатай товч) гэсэн 2 төрөл байдгийг хүн бүр мэдэх байх. Чухамдаа ямар ялгаатай мөн яагаад бий болсон тухай товчxон танилцуулъя.
Хослолын ханцуйн товчны үүсэл, түүх:
Ханцуйн товчны түүхэн гарал үүслийг нарийн тодорхой олж тогтоох нь хэцүү ч энэхүү сониуч асуултад хариулахыг хичээдэг янз бүрийн онолууд байдаг. Хамгийн түгээмэл нь Цэргийн ба Дэлхий нийтийн гэсэн хоёр ерөнхий ойлголт байдаг.
Цэргийн онол:
Хатан хаан I Элизабет, Пруссийн II Фредерик, Наполеон, Адмирал Нелсон нар цэргүүдээсээ ханцуйн товчтой дүрэмт хувцас өмсөхийг шаарддаг байсан нь өдгөө үнэлэгддэг ажээ. Учир нь цэргүүд ханцуйгаараа хамар, ам, нулимс, шарх зэргийг арчихаас сэргийлж ханцуйн товчийг бий болгон загварчилжээ.Товчтой болгосон нь энэхүү буруу зуршлыг халж ( ялангуяа гуулин товчны тухайд), цэргүүд ханцуйгаа алчуур болгон ашиглахаас татгалзаж, албан ёсны дүрэмт хувцасны шаардлагыг хангахад тусалсан ажээ.
Дэлхий нийтийн онол:
Эрчүүд юу ч хийж байсан бүгд хүрмээ л өмсдөг үе байсан билээ. Тухайлбал ном уншихдаа, ууланд авирахдаа, өөрийн газар дээр ажиллахдаа хүртэл өмсдөг байжээ. Хүрэм нь бараг хоёр зуун жилийн турш эрэгтэй хүний хувцаслалтын цорын ганц хамгийн их өмсөгддөг зүйл байжээ.Үүгээр ч зогсохгүй тухайн үед олон нийтийн өмнө хүрмээ тайлах нь ёс зүйгүй хэмээн тооцогддог байсан тул эрчүүд хүрмээ тайлахгүйгээр эсвэл ханцуйгаа бохирдуулах шаардлагагүйгээр ердөө товчнуудаа тайлаад ханцуйгаа шуугаад ажиллахад болно гэх шийдэлд хүрснээр оёдолчид ухаалгаар загварчилсан явдал юм.

Одоогийн хослол болон хүрмэн дээрх товчилгоо:
Өнөө үед бэлэн худалдаалагддаг бүтээгдэхүүний хувьд хүрэмний ханцуй товчтой хийгдсэн байдаг. Гэтэл зарим томоохон брендийн дэлгүүрт зарагдаж буй хүрэм товчилгоогүй хийгдсэн байдаг. Яагаад? Энэ нь аль болох бүх төрлийн биед тааруулж ханцуйн уртыг хасаж нэмэх боломжийг олгодог. Хэрэв ханцуйн дээр зүсэлт хийж товчны нүх гаргачихвал засаж янзлах ямар ч боломжгүй учраас. Харин ”made to measure” үйлчилгээний хослолууд мөн л багахан засвар хийх боломж олгох үүднээс ажиллагаагүй товчтой (kissing button) хийгдэж ирдэг юм.

Хэдэн товчтой байх вэ?
Захиалгаар хийсэн хүрэм ихэвчлэн хоёр сонголттой байдаг. 3н товчтой ба 4н товчтой. 2 товчтой загвар байдаг ч төдийлөн түгээмэл бус сонголт юм.
Гурван товчтой :
Гурван товч бүхий ханцуй нь илүү спортлог, хөнгөн зүсэлттэй байдаг. Энгийн өдөр тутмын Blazer болон Sport jacket-н хувьд төгс хувилбар юм.
Дөрвөн товчтой:
Дөрвөн товч бүхий ханцуй нь илүү албан ёсны харагдахад тохиромжтой бөгөөд илүү нягт, цэвэрхэн төрхийг бүрдүүлдэг. Уламжлалт хүрэм болон хослолд төгс зохицно.
Мөн та 4 товчтой хүрэм сонгосон ч сүүлийн товчийг задгай үлдээж илүү дэгжин төрхийг бүрдүүлж ч болох юм.
Leave a Reply