Намрын улиралд таны шүүгээг чимэх 10 кино

“Намрын шаргал, салхитай өдрүүд ирж амьдралдаа багахан шинэ зүйл туршиж хобби, хувцасны шүүгээ гэх мэт өөртөө ямар нэгэн шинэчлэлт хиймээр санагдаж байна уу? Танд бид 10 сард үзэх загварлаг 10 киног санал болгож байна. Олон төрлийн өнгө аяс, цаг хугацаа, харц булаам хувцаслалтууд гарах эдгээр сонирхолтой бүтээлүүдээс та хүссэн дүр төрхөө олж өөрийн шүүгээгээ баяжуулаарай.”

WHEN HARRY MET SALLY (1989)

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нөхөрлөлийн тухай гарах энэхүү сонгодог кино танд эхэлсэн цагаасаа дуусах хүртлээ намрын улиралд хэрхэн хувцаслаж болох талаар шинэхэн санаануудыг өгсөөр байх болно. Сэллигийн дүрийг бүтээсэн Мег Райан хээтэй сул цамцан дээр саарал хүрэм өмсөж, хар савхин бээлийг савхин цүнх, хүрэн бүрх малгайтай хослуулдаг нь 80 -аад оны сүүлээр намрын оргил  тренд болж байсан үеийг санагдуулна. Энэхүү хувцаслалтын аль ч деталь нь намрын улиралд таны шүүгээнд зайлшгүй байх ёстой must-have бөгөөд, хүсвэл хооронд нь нийлүүлж Сэллигийн дүр төрхийг бүрдүүлж болох юм.

Clueless (1995)

1995 онд дэлгэцнээ гарсан энэхүү кино нь 1990-ээд оны үеийн хэв маягийг бүхэлд нь багтааж харуулсан гэхэд хилсдэхгүй. Ахлах сургуулийн дүрүүд өмссөн А силуэттэй мини юбка, гуя барьсан өндөр түрийтэй гутал, минималист гоёл чимэглэлүүд, чокер зүүлт гээд одоог хүртэл моданаас үл гарах загваруудтай “Clueless” кино тэр чигтээ загварын гайхалтай ертөнцөөр таныг аялуулна. Мэдээж гол дүрийн охин Шер-ийн өмсдөг тод шаргал өнгийн хослол таны сэтгэлд тод үлдэх нь гарцаагүй.

THE CRAFT (1996)

“Хар шид” киноноос та 90-ээд оны  сургуулийн охидын өвөрмөц готик болон эмо дүр төрхийг хэрхэн бүрдүүлснийг харж болно. Гурван шулам охид ба тэдний шинэ зайн шид хэрэглэдэг найз тус бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц хэв маяг мэдрэмжээр хувцаслацгаадаг. Энэхүү кинон дээр олон гайхшруулам загварлаг үзэгдэлүүд гардаг бөгөөд торон нэхээстэй цамцан дээр савхин хүрэм давхарлаж, доогуураа богино юбка өмссөн нь хичнээн загварлаг харагддаг гээч? Өнгөт нарны шил, гараар хэлхсэн жижиг сувдан зүүлт гэх мэт уг кинон дээр гардаг ихэнх загварууд тренд болж дахин ирж байна.

PRACTICAL MAGIC (1998)

Сандра Баллок, Николь Кидмэн нар Оуэний эгч дүүсийн дүрд тоглосон уг кино нь 90 -ээд оны хувцас загварыг тун энгийн байдлаар харуулах болно . Гэхдээ яг ч энгийн гэж хэлэхэд тохиромжгүй юм. Бүсгүйчүүдийн өөртөө итгэлтэй шийдэмгий байдал нь хувцсанд нь ч мөн илт шингэсэн байдаг. Жишээлбэл Баллокийн хувцаслалт тухтай, дэгжин харагдуулах боломжийг олгодог бол, Кидмэний дүр төрхийг илүү тачаангуй байдлаар бүрдүүлж өгсөн байдаг. Намрын улиралтай гайхалтай зохицох олив ногоон өнгийн хилэн даашинзыг кинон дээрээс онцолж байна. Та ойролцоо төрлийн даашинзыг сонгож дээгүүр нь тохирох хүрэм болон гутлыг хослуулаарай.

THE ROYAL TENENBAUMS (2001)

Royal Tenenbaums киног бүтээсэн Уэс Андерсон хувцаслалтын гоо зүйг нэн чухалчилдаг хүн бөгөөд энд ч мөн адил хувцсанд өндөр ач холбогдол өгсөн байдаг. Гүн улаан, шаргал өнгө кинонд тод тусгагдсан нь танд намрын улирлыг санагдуулах болно. Гвинет Пэлтроугийн бүтээсэн дүр болох (Margot Tenebaum) судалтай даашинз, үслэг хүрэм, үсний даруулга, гар цүнх гээд эдгээр хувцсыг хэдэн төрлөөр хослуулж болохыг хараарай. Түүний 70-аад оноос санаа авсан хувцаслалтын алин ч намрын улиралд  тохиромжтой юм.

Mona Lisa Smile (2003)

50-д оны урлагийн сургуулийн оюутан Кэтрин Ватсон гэх бүсгүй  өөрийнхөө үеийн бүсгүйчүүдийн төлөө тэмцэл хийж байгаа үйл явдлаараа алдартай энэ кино нь эмэгтэй хүний бие даасан, хараат бус эр чөлөөтэй байдлын илэрхийлсэн гэхэд буруудахгүй. Харин өөр нэгэн эмэгтэй болох Кристен Данстын дүр бол Жулиягийн сурталчилж, тэмцэж буй эрх чөлөөт, бие даасан эмэгтэйчүүдийн эсрэг дүр юм. Ажил хэрэгч бүсгүй та энэхүү киноноос оффис хувцаслалтуудын сонголтоо тэлж шүүгээндээ нэмээрэй.

Coco Before Chanel (2009)

Бидний түрхэх дуртай сүрчиг “Шанель” брэндийг үүсгэн байгуулагч Коко Шанель бүсгүйн бодит амьдралаас сэдэвлэж, намтарчилж хийсэн энэхүү киног Анни Фонтэйн хэмээх эмэгтэй найруулагч найруулсан түүхтэй. Асрах газар эцэгтээ орхигдон эгчтэйгээ үлдсэн Габриел (Gabrielle) амьдрахын эрхэнд буурчийн газар дуу дуулах болжээ. Энэ үеэс түүний дуунаас үүдэн Габриелийг хүмүүс Коко хэмээн нэрийдэх болсон гэдэг. Уран сэтгэмж сайтай, бүтээлч сэтгэлгээтэй Коко “Хар өнгө нүдийг тодотгодог” гэж хэлэн богино хар даашинз өөртөө урладаг. Кокогийн нэрийн хуудас болсон энэхүү богино хар даашинз одоо ч моодноос гараагүй. Түүний амжилтанд хүрэхээс өмнөх амьдралын түүх,  урласан  классик хувцаснуудтай нь дүрслэн гаргасан энэхүү бүтээл загварт дурладаг хүн бүрийн заавал үзэх ёстой кинонуудын нэг юм. Уг киноноос та дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг болох Шанелийн амьдралын түүхийг тэр чигээр нь харж болно.

Big Eyes (2014)

Нэрт зураач, уран бүтээлч Маргарет Кийний намтараас сэдэвлэн бүтээсэн “Big Eyes” кино нь найруулагч Тим Бартоны шилдэг бүтээлүүдийн нэг билээ. Шаргал үстэй, цагаан арьстай Эми Адамс нь яг л 50 -иад оны үед гялалзаж явсан Мэрилин Монрогийн хэв маягийг санагдуулам.
Түүний энгийн даруу, эмэгтэйлэг хувцаслалт гоёл чимэглэл үгүй ч хичнээн гоёмсог харагдаж болдгийг кино танд харуулах болно. 1950-1960 аад оны үед Парист Кристиан Диор, Баленсиага, Шанель зэрэг дизайнерууд мөн  хувьсгал хийж байсан он цаг байсан нь өнөөг хүртэл загварын ертөнцийн анхаарлыг татсан хэвээр байна.

Yves Saint Laurent (2014)

“Хатагтай Шанель бүсгүйчүүдийг чөлөөлсөн бол би тэднийг улам зоригжуулсан” гэж хэлэх дуртай байсан Ив Сан Лораны тухай хувийн түүхийг энэ кино тод харуулах болно. Эмэгтэйчүүдийн хувцасны шүүгээнд тансаг зэрэглэлийн  хувцаснуудыг анхлан оруулж ирж байсан Ивийн шуугиант коллекцуудыг та энэхүү кинон дээрээс хараарай. Өнгө холилтоор алдаршсан Данийн зураач Мондрианы зурагнаас санаа аван гаргасан “Мондриан” цуглуулга,  эмэгтэйчүүдийн үдшийн гоёлд хар брюкийг анхлан оруулсан “Le Tuxedo” цуглуулга гээд кино эхлэхээс дуусах хүртлээ таны загварын онгодыг хөглөх болно гэдэгт итгэлэй байна.

Little Women (2019)

Америкийн нэрт зохиолч Луиза Мэй Олкоттын “Little Women”нэртэй хоёр ботиос бүрдсэн ном 1868-1869 оны хооронд хэвлэгдэн гарч байсан юм. Номын үйл явдал Америкийн иргэний дайны үед өрнөдөг бөгөөд Мег, Жо, Бет, Эми гэх дөрвөн өөр зан авиртай эгч дүүсийн адармаатай амьдралын түүхийг өгүүлдэг. өсвөр насны охидын амьдрал, саад бэрхшээл, хайр дурлал, хүсэл тэмүүллийг гайхалтайгаар харуулдаг энэхүү кинон дээр хувцаслалтыг маш нарийн мэдрэмжээр анхаарал татахуйц бүтээсэн бөгөөд кино нь Оскарын 6 төрөлд нэр дэвшиж шилдэг хувцасны дизайн төрлөөр шагнал хүртсэн байдаг.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy