Таны шүүгээнд зөрсөн энгэртэй хослол байдаг уу? Та өдий хүртэл буруу өмсч байсан юм биш биз? Та доорх 10 дүрмийг уншиж үзээд хэрэгжүүлээрэй.
1. Хослол захиалгын үйлчилгээг сонго
Зөрсөн энгэртэй хослол нь өөрийн гэсэн таарамж, суултын дүрэмтэй; энгийн загвараас арай урт байх ба мөр цээж нь илүү өргөн байдаг онцлогтой. Хэрвээ тансаг зэрэглэлийн брэндийн төгс эсгүүр, оёдлоор хийгдсэн бэлэн хослол биш л бол хэлбэр силуэт, нарийн хэмжээ авалт, эсгүүр нь хамгийн чухал учир яах аргагүй чадварлаг хослол захиалгын газраар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
2. Шовх зах
Хэд хэдэн дизайнерууд энэ загвар дээр энгийн бартаа зах туршиж үзсэн боловч дэмий санаа гэдгийг л баталж чадсан. Зөрсөн энгэртэй хослол нь мөр хэсэгт илүү акцент өгдөг ба шовх захны нийлэмж нь төгс гүйцэтгэл болж өгдөг.
3. Доод товчийг хэзээ ч бүү товчил
Зөвхөн 2 товчийг л ашиглах ба нэг нь дотор байрлах хамгаалж , барьж өгдөг товч, нөгөөх нь гадна талын дээд товч. Хэрэв доод товчийг товчилбол та тогтсон хэв шугамаас гажиж өөрийгөө хослолын тухай мэдлэггүйг харагдуулна. (Хэрэв та өөрт зориулан хийлгэсэн, доод талын товчоор товчлогддог эсгүүртэй, сарториал зөрсөн энгэртэй хослол өмсөөгүй бол)
4. Үргэлж 6 товчтой загварыг сонгоорой.
Хэд хэдэн сонголтууд байх ба 6*2 (6 товчтой бол 2-г ашиглана гэсэн үг) Мөн 4*2 (мөн адил зарчмаар) гэх сонголт байх боловч хамгийн түгээмэл нь 6*2 юм.
5. Бүү залхуур
Та энэ загварыг сонгон өмсч буй л бол товчлохоос хэзээ ч бүү залхуураарай. Зөрсөн энгэртэй загвар нь илүү эсгэлттэй тул энгэрээ задгайлах үед маш эмх замбараагүй, овоорсон харагддаг байна.
6. Өмд дээрээ нэмэлт нугалаа (хуниас) хийлгэхийг санал болгоё
Таны пиджак дэгжин сонирхол татам болсон учир энгийн өмд хослуулах нь давс багадсан мэт санагдах байх. Тиймээс өмдөө ч бас нэмэлт деталиар баяжуулж илүү загварлаг болгоорой. Урдаа 2 нугалаастай, доороо манжеткатай байснаар дэгжин харагдах юм.
7. Энгэрийн алчуур
Зөрсөн энгэр нь энгийн загвараас илүү дээр хаагддаг (энгэрийн хаалт, товчилгоо хэсэг илүү дээр орж ирдэг) учир зангиа зүүхэд тухгүй санагдаж байвал энгэрийн алчуураар орлуулаарай.
8. Заптниктай ханцуй (French Cuff) илүү тохиромжтой
Хувцаслалтынхаа хэсэг бүр дээр анхаарал хандуулснаар өөгүй дүр төрхийг бүрдүүлнэ. Сорочка цамц дээр анхаарах зүйл нь чагтан товч зүүх ханцуйн хэлбэрийг сонгосноор гүйцэтгэлтэй харагдана.
9. Материал сонголт
Материалны тухайд дулааны улиралд өмсөх бол та хамгийн хөнгөн, нимгэн материал (seersucker, linen) сонговол халууцах, хөлрөх асуудлууд үүсэхгүй юм. Сэрүүний улиралд харин өвлийн ноосон материалнаас сонголтоо хийвэл даарч хөрөхгүй. Ер нь улиралдаа зохицуулж материалаа сонгох нь бас нэгэн соёл билээ.
10. Хэзээ, хаана, яаж?
Зөрсөн энгэртэй загвар нь ердийнхөөс илүү анхаарал татахуйц загвар тул анхны уулзалтад гүн сэтгэгдэл үлдээхэд тохиромжтой. Та хэт их хичээж гоёогүй ч бусдын нүдэнд тусахуйц байя гэж бодсон үед энэ загвар нь хамгийн зөв сонголт болох юм шүү.
Leave a Reply