Сорочка цамцны ханцуй гадуур хүрэмний дотроос ердөө 1см илүү цухуйдаг хэдий ч энэ нь таны хувцаслалтад үнэхээр өөрчлөлт оруулдаг билээ. Тэгвэл ханцуйн загварыг хэрхэн сонгох нь голцуу товчилгооны хэсгээс хамаарах ба танд хэрхэн сонголт хийх тухай бяцхан зөвлөгөөг хүргэе:

Barrel cuff – (Товчтой ханцуйн ерөнхий нэршил)
Мэдээж хамгийн түгээмэл сонголт. Бүгд товчтой байх ба өнцөг нь дугуй, гурвалжин зэрэг хувилбарууд байдаг.
Өмнө нь барел ханцуйг ихэвчлэн албан бус илүү тухтай байх хэрэглээнд зориулагддаг байсан бол одоо үед илүү ажил хэрэгч сонголт болж хувирчээ. Иймд энэхүү ханцуйг гоёлын, ёслолын үед ч сонгох боломжтой болсон хэдий ч энэ тохиолдолд цамцны захыг сонгохдоо илүү анхаарах хэрэгтэй.
Mitered or angled cuff – Гурвалжин өнцөгтэй ханцуй
Энэ төрлийн ханцуй нь хамгийн түгээмэл сонголт байдгийн учир нь энгийн болоод албан ёсны аль ч үед тохиромжтой бөгөөд классик захтай төгс тохирдог. Дээр дурдсанчлан хэрэв та албаны үед өмсөхөөр зэхэж байгаа бол straight point, spread, cut away зэрэг захны сонголтуудтай хослуулан өмсөх боломжтой ба илүү энгийн зүйл хүсэж байвал button down захтай хослуулаарай.

Rounded cuff – Дугуй ханцуй
Эргэлзээгүй товчтой ханцуйн хамгийн дэгжин хувилбар бөгөөд дугуй ханцуй нь илүү зөөлөн, илүү цэмцгэр хувилбар юм.
Хэрэв та илүү формал ханцуйн шийдэл хүсэж байгаа хирнээ тухтай байдлыг хүсэж байгаа бол энэ загварын ханцуй илүү тохиромжтой. Захны тухайд клуб захтай төгс зохицох ба албан ёсны төрх бүрдүүлэхэд straight point, cutaway захнуудтай ч гэсэн сайхан зохицно.

Square or straight cuff – Дөрвөлжин ханцуй
Хамгийн албан бус энгийн сонголт бөгөөд дөрвөлжин ханцуй нь төдийлөн түгээмэл бус сонголт. Иймд энэхүү ханцуйг сонгохдоо мөн down button захийг сонгож бүр илүү энгийн өдөр тутмын дүр төрхийг бүрдүүлээрэй.

French cuff with cufflinks – Франц маягийн ханцуй (Чагтан товч зүүдэг ханцуйн ерөнхий нэршил)
Ямар ч товчгүй байх бөгөөд зөвхөн чагтан товч зүүх зориулалт бүхий нүхтэй. Франц маягийн ханцуй нь дан, давхар байж болох ба эсгүүрээс хамаарч дугуй эсвэл дөрвөлжин байж болно.
Уламжлалт хэв шинжийн дагуу бизнесийн чухал арга хэмжээ, онцгой үдэшлэг, хурим гэх мэт гоёмсог арга хэмжээнд хамгийн тохиромжтой. Магадгүй танд тийм ч тухтай санагдахгүй байж болох ч харагдах байдлын хувьд илүү үзэмжтэй.
Classic French cuff – Классик Франц ханцуй
Франц ханцуйн сонголтууд дундаас хамгийн классик хувилбар бөгөөд шулуун тэгш эсгэлттэй нугалаагүй дан байдаг. Ихэвчлэн өндөр албан ёсны үйл ажиллагаанд илүү тохиромжтой ба классик дипломат захтай хамгийн сайхан зохицдог. Гэсэн хэдий ч даруухан загвартай даавуун чагтан товчны хамт straight point, spread, cutaway захтай хослуулан нэг шат бууруулан өмсөх ч боломжтой.

Classic rounded French cuff – Классик Франц дугуй
Энэ ханцуй нь уламжлалт хувилбараас арай зөөлөн, илүү тухтай хэв маягтай, албан ёсны тохиолдолд тохиромжтой. Иймд мөн л дипломат захтай сайхан зохицох ба хэрэглээ зориулалтаас хамааран токсидо зах, клуб захтай мөн хослуулж болно.

Classic double French cuff – Давхар Франц ханцуй
Дээр дурдсан загвартай адил хирнээ давхар нугарсан детальтай боловч төдийлөн хол зөрүүгүй тул өмнөх захны сонголтуудтай ижил байх ба мөн л ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд хамгийн зохимжтой.

Leave a Reply